Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022-2023 ОНЫ ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна (tsag-agaar.gov.mn).
Монгол орны хэмжээнд бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
23.9 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
15.6 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
34.4 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
7.7 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
18.4 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрч гарлаа.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөгөвь, Өвөрхангай аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.
Дундговь аймгийн хэмжээгээр авч үзвэл: Зуншлагын байдал 2022 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 хувьд хэвийн, 50 гаруй хувьд дунд зэргийн зуншлагатай, 20 хувьд муу байна. Энэ зуны байдлаар 4, 6 дугаар сард хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, 5 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага буюу орчим, 7 дугаар сард нийт нутгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу буюу баруун болон өмнө зүгийн нутгаар бага орсноор бэлчээрийн ургамлын ургалт баруун болон баруун өмнө зүгийн нутгаар зуншлага тааруу, ургамлын ургалт муу, таана голдуу, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, ургамлын үе шат гүйцээгүй, малын тооны хэт өсөлт нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл: Аймгийн нийт багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад.
23 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
27 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
37 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
8 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.
Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 50 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 37 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 8 хувь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн даац 3 буюу түүнээс дээш олон дахин хэтэрч гарсан.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сум, багуудад Эрдэнэдалай сумын Өнгөт, Сангийн далай багууд, Сайхан-Овоо сумын Мааньт, Найз, Төгрөг багийн нутаг орж байна.
Мөн Сайхан-Овоо сумын Онги баг, Дэлгэрхангай сумын Номгон баг, Өндөршил сумын Талын нар баг даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.
Эрдэнэдалайн Цавчир, Тэнгэлэг, Рашаант, Цагаан овоо багууд, Хулд, Говь-Угтаал сумд, Сайнцагаан сумын Наран, Далай, Үйзэн багууд, Өлзийтийн Тагт, Буянт-2 багууд, Өндөршил сумын Цог багийн нутаг, даац 1-3 дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй (Бэлчээрийн даацын зураг) байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага хэвийн ба бороо их орсон газраар лууль, шарилж зэрэг нэг наст ургамлууд, таана, хөмүүл зонхилсон. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтой мөн мал тарга тэвээрэг бүрэн авч чадахгүй байх зэрэг онцлог нөхцөл үүсээд байгааг харгалзан үзэх нь чухал юм.
Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутаг өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч, өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулах, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатайг анхаарна уу!
ДУНДГОВЬ АЙМГИЙН УЦУОШТөв
2021.08.27
|