Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
Дундговь аймгийн газар зүй, уур амьсгалын төлөв байдал
Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөрт орших Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Дундговь аймагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Дундговь аймгийн нутаг нь боржин чулуутай цохио, толгод, бэсрэг уулс бүхий ухаа гүвээрхэг тэгшивтэр нутагт хамаарна. Нийт газар нутгийн талбай 74,690 км квадрат. Далайн түвшнээс дээш 1100-1350 метрт өргөгдсөн байдаг.
Агаарын температур:
Дундговь аймгийн агаарын темпертур ОЖД-аар 1,1-4,7 градусын хооронд хэлбэлздэг байна. Хамгийн хүйтэн 1 дүгээр сард агаарын дундаж температур -16,7 градусаас -19,6 градус байхад агаарын үнэмлэхүй хамгийн бага -39,7 градус 1981 онд Сайхан-овоо өртөөнд ажиглагдсан байдаг. Хамгийн дулаан 7 дугаар сард агаарын температур 19,9 градусаас 22,3 градус байхад агаарын үнэмлэхүй их температур 41,3 градус Гурвансайхан өртөөн дээр 1999 онд ажиглагдсан байдаг байна. Дундговь аймгийн агаарын дундаж температур 2,6 градусаар дулаарсан.
Хөрсний температур:
Дундговь аймгийн хөрсний гадаргын температурын 2016 оны байдлаар УАД 4.7 градус дулаан, хамгийн их нь 1999 онд 30,8 градус /Гурвансайхан суманд 7 сард/ хүрч халсан, хамгийн бага нь 1985 онд - 30.0 градус /Сайхан-Овоо суманд 1 сард/ хүрч хүйтэрч байсан.
Хөлдөлтийн гүн жил бүр харилцан адилгүй байдаг ба дунджаар 260 см хүрч хөлддөг. УАД-аар 11 дүгээр сарын I-10 хоногт хөрс хөлдөж эхлэдэг бөгөөд 2 дугаар сарын I-10 хоногт бүрэн хөлдөж дуусдаг. Хавар 3 дугаар сарын III-10 хоногоос хөрсний өнгөн үе гэсэж, 4 дүгээр сарын II-10 хоногоос 5 дугаар сарын II-10 хоногийн хооронд хөрс бүрэн гэсэж дуусдаг.
Хур тунадас:
Дундговь аймгийн хэмжээнд жилдээ 23,8-66,7 мм хур тунадас ордог байна.
Сүүлийн 30 жилд хур тунадасны хэмжээ Мандалговь өртөөнд 76,3-239,9мм, Сайхан-Овоод 60,0-215,7 мм, Эрдэнэдалайд 26,9-209,4 мм, Гурвансайханд 61,8-181,5 мм хооронд хэлбэлзэж байсан байна. Өвлийн улиралд 1,0-14,0 мм, зуны сарууддаа 46,5-201,7 мм ордог байна.
Хүчтэй салхи:
Хүчтэй салхи, шороон шуурга нь эдийн засагт ихээхэн хор хохирол үзүүлдэг аюултай болон гамшигт үзэгдлийн нэг юм. Сүүлийн жилүүдэд хүчтэй салхины тохиолдлын тоо буурах хандлагатай байгаа боловч энэ нь жил жил өөр өөр байх ба ялангуяа хүчтэй аадар борооны өмнө болон аадар бороотой давхцан ажиглагдан түүний учруулсан хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Хүчтэй салхи манай аймгийн хувьд жилд дунджаар 2-3 удаа ажиглагддаг.
Цаг агаарын аюултай үзэгдэл болох хүчтэй салхи 2016 оны байдлаар хамгийн их Гурвансайхан өртөөн дээр 28 удаа, Мандалговь өртөөн дээр 27 удаа, Цагаандэлгэр өртөөн дээр 19 удаа, Эрдэнэдалай өртөөн дээр 13 удаа, Сайхан-Овоо өртөөн дээр 10 удаа, Говь-Угтаал өртөөн дээр 7 удаа ажиглагдсан. Хүчтэй салхины аюул 3,4,5 сардуудад зонхилж байна.
- Хүчтэй салхи, шороон шуурга, цасан шуурганы аюулын салхины зүгийг авч үзэхэд Мандалговь, Гурвансайхан, Эрдэнэдалай суманд баруун хойноос зонхилж байхад Сайхан-Овоо суманд хойноос зонхилж байна. Өмнөөс болон зүүн, зүүн өмнөөс хамгийн бага тохиолдлууд ажиглагдаж байна.
Шороон шуурга:
Шороон шуурга нь салхины хурд, газрын гадаргын байдал, хөрсний элэгдэл зэргээс их хамаардаг. Шороон шуурганы улмаас газрын гадаргад их хэмжээний элс зөөгдөн ирж зам харгуйг дарах, хөрсний элэгдлийг бий болгох нөхцөл нь болж байна.
Манай аймагт жилд дунджаар 7-8 өдөр шороон шуургатай байдаг бөгөөд энэ нь гол төлөв хавар 3-5 дугаар сард ажиглагддаг. Энэ нь хөрсний элэгдэл, элс, шорооны зөөгдлөөс хамаарч салхины хурд нэмэгдэх төдийд их хэмжээний тоос шороо босч алсын барааг муутгаж байгаа нь хүний хүчин зүйлс, хот суурингийн хэт төвлөрөлтөөс их хамаарч байна.
Аймгийн хэмжээнд хамгийн их тохиолдол нь 2000 онд Эрдэнэдалайд 19 удаа ажиглагдсан ба 1986, 1988 онд 4-н өртөөн дээр огт ажиглагдаагүй байна. Мөн сүүлийн жилүүдэд болон 2005 оноос шороон шуурганы давтагдал эрчимтэй ихсэж байна.
Цасан шуурга:
Дундговь аймагт 2016 оны байдлаар УАД-аар 11 удаа цасан шуурга ажиглагдсан. Цасан шуургатай өдөр нэмэгдэж байгаа нь хаврын улиралд агаарын температурын хэлбэлзэл ихтэй байдгаас зарим жил 5 дугаар сард цас орж цасан шуурга шуурч байсан байна. Судалгаанаас харахад 2010 онд хамгийн их тохиолдол нь Мандалговьд 54 удаа ажиглагдсан ба 4-н өртөөнд нийлээд хамгийн бага ажиглагдсан жил нь 1985 он ба Эрдэнэдалай суманд 2 удаа ажиглагдсан байна. Мөн сүүлийн жилүүдэд болон 2009 оноос цасан шуурганы давтагдал эрчимтэй ихсэж байна.
МЭДЭЭ ГАРГАСАН УУР АМЬСГАЛЫН ИНЖЕНЕР: Э.МӨНГӨНЗАЯА
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Дундговь аймгийн газар зүй, уур амьсгалын төлөв байдал | 2016-11-08 | 2024-12-05 | 3427 |