Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020-2021 ОНЫ ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН


Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна.
Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа. Даац олон дахин хэтэрч гарсан нутгийн хэмжээ 20 (18.3) шахам хувь байна. Энэ зун нутгийн өмнөд хагаст бороо хур багатай, зуншлага муу байсан ба 7 дугаар сарын сүүлчээс зарим газраар ургамлын байдал сайжирч эхэлсэн. Зуншлага тааруу байгаа аймаг, сумдын малчид, ялангуяа говь хээрийн бүс нутгийн малчид отор нүүдэл их хийж байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.
Дундговь аймгийн хэмжээгээр авч үзвэл: Зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 гаруй хувьд хэвийн, 75 гаруй хувьд дунд зэргийн зуншлагатай, 10 гаруй хувьд муу байна. Энэ зуны байдлаар 4-6 дугаар сард хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, 7 дугаар сард нийт нутгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим буюу ахиу орсноор бэлчээрийн ургамлын ургалт дээрдсэн ч, зуншлагын байдал дунд зэрэг, ургамлын ургалт тааруу, таана голдуу, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, ургамлын үе шат гүйцээгүй, малын тооны хэт өсөлт нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл: Аймгийн нийт багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад.
2 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
8 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
20 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
22 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
48 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.
Өөрөөр хэлбэл аймгийн дүнгээр нутгийн 10 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 20 гаруй хувь нь 1-3 дахин хэтэрсэн, нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн даац 3 буюу түүнээс дээш олон дахин хэтэрч гарсан.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сум, багуудад Эрдэнэдалай сумын Сангийн далай, Цавчир, Цагаан овоо, Рашаант баг, Луус сумын Суврага баг, Сайнцагаан сумын Наран, Далай, Үйзэн баг, Дэрэнгийн Алаг-Өндөр, Бумбат баг, Гурвансайхан сумын Чулуут багаас бусад нь, Дэлгэрцогтын Баянбулаг, Цахиурт баг, Өлзийтийн Дэрт-2 багаас бусад нь, Дэлгэрхангай, Хулд сумдын багын нутаг орж байна.
Мөн Сайхан-Овоо сумын Төгрөг, Найз, Онги баг, Эрдэнэдалайн Рашаант баг, Адаацаг сумын Хашаат баг, Дэлгэрцогтын Дэлгэр-Эмт баг, Дэрэнгийн Саруул баг, Говь-Угтаалын Ажирхай, Морьт баг, Цагаандэлгэрийн Жаргалан баг, Өндөршил сум, Өлзийтийн Дэрт-2 багууд даац 3-5 дахин (улбар шар) хэтэрч гарсан байна.
Сайхан-Овоогийн Мааньт баг, Эрдэнэдалайн Өнгөт, Тэнгэлэг баг, Адаацагийн Сүм, Өвөр-Урт баг, Луусын Буянт, Наран баг, Сайнцагааны Тэвш баг, Баянжаргалан сум, Говь-Угтаалын Хонгор багын нутаг даац 1-3 дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй (Бэлчээрийн даацын зураг) байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль, шарилж зэрэг нэг наст ургамлууд, таана, хөмүүл зонхилсон. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтой мөн мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй зэрэг онцлог нөхцөл үүсээд байгааг харгалзан үзэх нь чухал юм.
Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутаг өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч, өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулах, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатайг анхаарна уу!
ДУНДГОВЬ АЙМГИЙН
УЦУОШТөв
2020.08.27