Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 01 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 20,9 - 25,1 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 2,0 - 7,8 градусаар олон жилийн дунджаас хүйтэн байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 8-12 градус хүйтэн, шөнөдөө Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад 36-38 градус, бусад нутгаар 30-34 градус хүйтэн хоносон. Агаарт 30 градусаас давж Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг сумдад 6-8 шөнө, бусад нутгаар 1-5 шөнө хүйтэрсэн.
Хөрсний гадаргын температур нийт нутгаар өдөртөө 2 - 11 градус хүйтэн, шөнөдөө 32 -40 градус хүйтэн байжээ. Адаацаг суманд хөрсөн дээр 40 градусаас хүйтэн 5 шөнө хоносон.
Тунадасны хувьд зарим нутгаар 0,0-0,5 мм хур тунадас 1-2 өдөр орсон. Дэлгэрхангай суманд 0,5 мм, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Мандалговь, Гурвансайхан, Дэрэн, Луус, Хулд сумдад 0,0-0,3 мм, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд түр зуур Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдаар 6-8 м/секунд, бусад нутгаар 10-18 м/секунд хүрч 2-10 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Тус сарын 31-ны өдрийн байдлаар Хулд, Говь-Угтаал, Дэрэн сумдад 1-4 баллын мөстсөн цастай, бусад нутгаар 1-4 см дундаж зузаантай 5-9 баллын мөстсөн цастай.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй цаг агаар хүйтэн байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Нийт нутгийн зүүн талын сумдад хонины гоц халдварт цэцэг өвчний улмаас хорио цээр тогтоосон, баруун талын сумдад гадны аймгийн оторын малчид нэлээд их ирж оторлосноос малын хоол муудаж, өвөлжилт хүндрэх төлөвтэй.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.