Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 07 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Эхний 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 23,0-27,4 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 2,9-7,2 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 36 – 41 градус дулаан, шөнөдөө 10 - 16 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж нийт нутгаар 6 - 7 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Луус, Өлзийт сумдад 66 градус, бусад нутгаар 60 - 64 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 8-10 өдөр тохиосон байна. Шөнөдөө Адаацаг, Эрдэнэдалай сумдад 8-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 6,1 – 63,0 мм хур тунадас орсон. Хулд суманд 63,0 мм, Луус суманд 54,3 мм, Дэрэн, Өлзийт, Дэлгэрхангай, Цагаандэлгэр сумдад 33,1-35,5 мм, Гурвансайхан, Сайхан-Овоо, Баянжаргалан сумдад 21,9-24,2 мм, Мандалговь, Говь-Угтаал, Адаацаг сумдад 16,7 – 19,9 мм, Эрдэнэдалай, Өндөршил сумдад 6,1-7,3 мм хур тунадас 2-3 өдөр орсон.
Салхины их хурд нийт нутгаар түр зуур 10 - 18 м/секунд хүрч 2-10 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хурга ноослох зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжгүй хэт халуун бүгчим байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал хазаар шинэ үе шат явагдаагүй,говийн хялгана, сайрын хялгана үрийн боловсролтын үе шат явагдаж байгаа боловч салхи ихтэй, хур тунадас бага, хэт халж байгаагаас ургалт удааширалтай, таана ургалт саатаж үзүүрээсээ шаралж гэмтсэн, зарим газар хатаж унаад үндэс нь үлдсэн, ургамлын өндөр дунджаар 4-11 см, ургамлын ургалтын байдал Адаацаг сумын баруун зүгт, Өндөршил сумдад хэвийн буюу нийт нутгийн 10 орчим хувь, Баянжаргалан, Луус, Хулд, Өлзийт хойд, зүүн зүгт Дэлгэрхангай сумдын нутгаар муу буюу нийт нутгийн 30 гаруй хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 60 гаруй хувь байна. Тус 10 хоногийн эхэн ба дунд үеэр агаарт 36-41 градус халсан маш халуун байлаа харин сүүлийн өдөрүүдэд хур бороо нийт нутгийг хамарч орсон учир зуншлага сайжрана гэж бодож байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид ард иргэдэд учирсан хохирол байхгүй.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.