Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Дундговь аймагт 2017-2018 оны өвөлжилтийн тойм


Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 2017 оны 11 дүгээр сард Мандалговь, Сайхан-Овоо, Луус, Өлзийт сумдаар олон жилийн дунджийн орчим, бусад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-2,5 градусаар хүйтэн, 12 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 2,0-4,9 градусаар дулаан байлаа. 2018 оны 01 дүгээр сард Хулд, Дэрэн сумдад олон жилийн дунджийн орчим, бусад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,5-2,7 градусаар хүйтэн, 02 дугаар сард Дэрэн, Цагаандэлгэр сумдад олон жилийн дунджаас 1,9-2,6 градусаар дулаан, Говь-Угтаал суманд олон жилийн дунджаас 1,5 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Агаарт 30 градусаас хүйтэн 2018 оны 01 дүгээр сард Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 10-13 шөнө, 36-38 градус хүйтэн, Цагаандэлгэр, Адаацаг, Говь-Угтаал сумдад 6-8 шөнө, 34-37 градус хүйтэн , бусад нутгаар 1-5 шөнө, 30-33 градус хүйтэн хоносон, 02 дугаар сард Эрдэнэдалай суманд 1 шөнө хүйтэрсэн, бусад нутгаар 30 градусаас давж хүйтрээгүй.
Хур тунадас тус аймгийн нийт нутгаар 2017 оны 11 дүгээр сард 2 - 10 удаа 0,2 - 3,8 мм орсон бөгөөд Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад олон жилийн дунджаас ахиу, Говь-Угтаал, Адаацаг, Өндөршил сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. 12 дугаар сард ихэнх нутгаар 1 - 3 удаа 0,0 – 1,1 мм орсон бөгөөд Говь-Угтаал сум олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Хулд, Луус, Өлзийт сумдад хур тунадас ороогүй. 2018 оны 1 дүгээр сард нийт нутгаар 4-8 удаа 1,0-5,8 мм цас орсон ба нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орсон. 2 дугаар сард ихэнх нутгаар 1-6 удаа 0,0-1,4 мм цас орсон бөгөөд Говь-Угтаал сум олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэдалай сум олон жилийн дунджийн орчим, бусад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Сайхан-Овоо суманд хур тунадас ороогүй.
2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар цасан бүрхүүлийн хувьд Цагаандэлгэр суманд 2 см зузаантай, 10 баллын мөстсөн цастай, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Дэрэн, Баянжаргалан Дэлгэрхангай, Луус, Адаацаг, Эрдэнэдалай сумдад 1-4 баллын мөстсөн цастай, бусад нутгаар цасгүй байна. 12 дугаар сард Цагаандэлгэр суманд 1 см зузаантай, битүү 10 балл, Мандалговь, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг, Дэрэн сумдад 0–1 см зузаантай 5–9 баллын шуурсан цастай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Луус сумдад 1-4 баллын мөстсөн цастай, нутгийн өмнөд хэсгээр цасгүй байна. 2018 оны 01 дүгээр сард Хулд, Говь-Угтаал, Дэрэн сумдад 1-4 баллын мөстсөн цастай, бусад нутгаар 1-4 см дундаж зузаантай 5-9 баллын мөстсөн цастай. 02 дугаар сарын 28-ны байдлаар Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэлгэрхангай сумдад 0-1 см зузаантай 5-9 баллын мөстсөн цастай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Дэрэн сумдад 0-2 см зузаантай 10 баллын сэвсгэр цастай, Луус, Хулд сумдад 1-4 баллын мөстсөн цастай. Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршил сумдад цасгүй. 03 дугаар сарын эхний 10 хоногт нийт нутгаар цасгүй болсон.
Нийт нутгийн зүүн талын сумдад гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээр тогтоосон, баруун талын сумдад гадны аймгийн оторын малчид нэлээд их ирж оторлосноос малын хоол муудаж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон.
2017-2018 оны өвөл тус аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумдаас бусад сумдад бага зэргийн цасан бүрхүүлтэй, цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд болоогүй, салхи ихтэй, хүйтэн гадны аймгуудын отор нэлээд орж ирсэн, мал өвөлжилтөнд шүлхий өвчнийг эс тооцвол хүндрэл багатай байлаа.
УЦУОШТөв
2018.03.15