Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 2,3 градус дулаанаас 1,4 градус хүйтэн байсныг олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 4,6 – 9,7 градусаар дулаан байлаа. Өдөртөө нийт нутгаар 15 - 19 градус дулаан, шөнөдөө Өлзийт суманд 15 градус, бусад нутгаар 17 - 22 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадарга дээр өдөртөө Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумдад 35 – 36 градус, бусад нутгаар 28 – 32 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 19 - 24 градус хүйтэн байжээ.
Салхины их хурд түр зуур Эрдэнэдалай, Мандалговьд 40 м/с, Сайхан-Овоо, Гурвансайхан, Өлзийт сумдад 34 – 35 м/с, бусад нутгаар 24 - 28 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдэл болсон, 7 - 22 өдөр 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд нийт нутгаар 0,4 – 4,3 мм хур тунадас орсноос. Дэлгэрхангайд 4,3 мм, Гурвансайханд 2,6 мм, Өндөршил, Баянжаргаланд 1,4 – 1,6 мм буюу олон жилийн дунджаас ахиу, Сайхан-Овоод 2,7 мм, Говь-Угтаалд 1,6 мм буюу олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 0,4 – 0,8 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас 1 - 2 удаа орсон.
Цасан бүрхүүлийн хувьд нийт нутгаар цасгүй.
Дундговь аймгийн нутгаар 2021 оны 03 дугаар сарын 14-ны 08 цагаас 15-ны 08 цаг хүртэлх хугацаанд салхи баруун, баруун хойноос Эрдэнэдалай суманд 34 м/с, Сайхан-Овоо, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Баянжаргалан сумдаар 28 м/с, бусад сумдаар 16-24 м/с хүчтэй салхи ажиглагдсан. Салхины өрөвхийлөлт нь Эрдэнэдалай, Сайнцагаан сумдаар түр зуур 40 м/с хүрч ширүүссэн. Энэ үеэр нийт нутгаар шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдаж үзэгдэх орчин харагдахгүй 8 цаг харанхуйлсан ба үргэлжилсэн хугацаа хамгийн бага нь Баянжаргалан суманд 06 цаг 26 минут, хамгийн их нь Эрдэнэдалай суманд 10 цаг 25 минут ажиглагдсан. Хүчтэй салхины үргэлжилсэн хугацаа дунджаар 11 цаг, 28 м/с буюу түүнээс их онц аюултай үзэгдлийн үргэлжилсэн хугацаа дунджаар 3 цаг ажиглагдсан нь сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй гамшигт үзэгдэл боллоо. Тус гамшигт үзэгдлээс аймгийн малчид 468 хүн төөрснөөс, зүүн талын сумдын 9 хүний амь үрэгдэж, 2,171,512 мал уруудаж, 137205 мал хорогдсон, 138 гэр нурж, 587 хашаа нурсан, 69 байшингийн дээвэр хуурсан, 30 авто машины цонх хагарч, будаг нь халцарсан, олон цагаар гэрэл, цахилгаан тасалдаж, Баянжаргалан ЦДАШ-н тулгуур №342-348 хооронд 7 ширхэг тулгуур хүчтэй салхины улмаас унасан, Сайхан-Овоо сумын шилэн кабель гэмтэж, аж ахуй нэгж, малчид, ард иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсан төдийгүй бэлчээрийн хөрс элсээр шуурч, элсэн хунгар үүссэн, ургамлын үндэс ил гарсан.
Тус сард хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөх, ямаа самнах зэрэг ажил явагдахад 14, 27-нд ихэнх нутгийг хамарч хүчтэй салхилж, шороон шуурга шуурсан, малын бэлчээрлэлтэнд хүндрэл учирсан ба цаг агаарын хүндрэлээс болж нэлээд их хохирол учирсаны улмаас хаваржилт хүндэрсэн. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.