Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018-2019 ОНЫ ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН


Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг, зөвхөн Баянхонгор аймгийн ганц нэг сумдын муу байна. Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2 дугаар арав хоногоос сайжирч, 31-н гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:
42 % нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
21 % нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
23 % нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5 % нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
9 % нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.
Дундговь аймгийн дүнгээр авч үзвэл тус аймгийн 15 орчим хувь бэлчээрийн нөөцтэй, 30 гаруй хувь бэлчээр хүрэлцээтэй учир мал өвөлжилт хаваржилт хэвийн байх боломжтой, харин нутгийн 55 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Хулд сумын хойд хэсэг бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан, Дэлгэрхангай, Өндөршил, Гурвансайхан сумдын зүүн хэсэг, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Луус сумд, Адаацагийн хойд, урд тал, Дэлгэрцогтын баруун, урд тал, Сайхан-Овоо, Хулд, Дэрэн, Цагаандэлгэр сумдын баруун, зүүн тал, Сайнцагаан сумын зүүн талаас бусад нутаг буюу нийт нутгийн 55 хувь даац 1-3 дахин хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй (Бэлчээрийн даацын зураг, 2018 оны 8 дугаар сарын 24) байна.
Бэлчээрийн даац онцгой хэтэрч гарсан дээрхи сумдад хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль, шарилж зэрэг нэг наст ургамлууд, таана, хөмүүл зонхилсон тул га-гийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтой мөн мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй зэрэг онцлог нөхцөл үүсээд байгааг харгалзан үзэх нь чухал юм.
Бэлчээрийн даацын зураглалаас үзэхэд багтаамж 100 хувь гарсан бол тухайн сумын мал сүрэг өөрийн нутагт өвөлжиж хаваржихад бэлчээр хүрэлцээтэй гэснийг харуулах бөгөөд тухайлбал 1-3 дахин хэтэрч (100,1-300 орчим хувь)гарсан тохиолдолд сумын нийт мал сүргийн тал орчим хувийг өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийлгэх юмуу нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байгаа юм.
ДУНДГОВЬ АЙМГИЙН
УЦУОШТөв
2018.08.27