Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 04 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 4,2-9,0 градус дулаан байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Луус, Эрдэнэдалай сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3-3,7 градусаар дулаан байлаа. Өдөртөө нийт нутгаар 28-31 градус дулаан, шөнөдөө Адаацаг суманд 17 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байжээ. Агаарт 30 градусаас дээш Луус, Хулд, Өндөршил, Гурвансайхан сумдад 1 өдөр халсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө Өлзийт, Адаацаг сумдад 43-45 градус, бусад нутгаар 45-50 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 1-7 өдөр тохиосон байна. Шөнөдөө Цагаандэлгэр, Адаацаг сумдад 19 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байжээ.
Салхины их хурд түр зуур нийт нутгаар 16- 28 м/секунд аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч 12 – 26 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд нийт нутгаар 4-8 удаа 1,9-27,1 мм орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Адаацагт 27,1 мм, Өлзийтөд 15,5 мм, Мандалговь, Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан, Сайхан-Овоо сумдад 10,0-14,6 мм, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад 7,3-9,9 мм буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдад 3,0-3,7 мм буюу олон жилийн дунджийн орчим, Луус, Дэрэн сумдад 1,9-4,8 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон.
04, 05-нд Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдаар 14 м/секунд, бусад сумдаар 18-20 м/секунд зарим үед 20 - 28 м/секунд хүрч хүчтэй салхилж, хүчтэй цасан болон шороон шуургатай тааламжгүй байлаа. Цаг агаарын аюултай үзэгдлээс болж 9 сумын 11205 толгой мал хорогдож, ЭДЦ сургуулийн дотуур байрны дээвэр хуурсан. 25-нд Гурвансайханд 15 м/с, 28-нд Эрдэнэдалай, Говь-Угтаал сумдаар 22-23 м/с, бусад сумдаар 14-19 м/с, бусад хугацаанд ихэнх нутгаар 9-14 м/с салхитай байсан.
Энэ сард хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид малдаа нэмэгдэл тэжээл өгөх, малаа бэлчээх, мал төллөх, төл бойжуулах, ямаа самнах зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжгүй, салхи шуурга ихтэй байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал таана, хялгана дөнгөж цухуйсан боловч салхи ихтэй, шөнөдөө хүйтэн хонож байгаагаас ургалт удааширалтай, үзүүрээсээ хөлдөж гэмтсэн ургамлын өндөр дунджаар 0-2 см байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлтэнд хүндрэл учирч болзошгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.