Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Дундговь аймагт 2018 оны зуншлагын тойм


Агаарын дундаж температур нийт нутгаар 6 дугаар сард 18,7 – 23,3 градус, 7 дугаар сард 19,0-24,0 градус, 8 дугаар сард 17.5-21.8 градус дулаан байлаа.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад 6 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 2,5 – 4,3 градусаар дулаан, 7, 8 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон 1,3-2,1 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө 6 дугаар сард нийт нутгаар 32 – 36 градус, 7 дугаар сард 31 – 36 градус, 8 дугаар сард 30 - 35 градус хүрч, агаарт 30 градусыг давж 6 дугаар сард 6 – 14 өдөр, 7 дугаар сард 4 – 18 өдөр, 8 дугаар сард ихэнх нутгаар 1 – 4 өдөр халсан. Зуны хугацаанд нийт нутгаар 12 – 36 өдөр халсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө 6 дугаар сард нийт нутгаар 57 - 66 градус, 7 дугаар сард 56 - 65 градус, 8 дугаар сард 48 - 60 градус хүрч халсан.
Хур тунадас 6 дугаар сард нийт нутгаар 0,2 – 9,4 мм, 7 дугаар сард 39,6 – 74,7 мм, 8 дугаар сард 56,6 – 110,6 мм орсныг олон жилийн дундажтай харьцуулбал 6 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас бага, 7 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 8 дугаар сард Цагаандэлгэр суманд олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон.
Салхины хурд 6-8 дугаар сард нийт нутгаар үе үе нөөлөг салхилж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байсан. Түр зуур 14 - 29 м/секунд хүрч, 10 м/секундээс дээш салхи 17 -56 удаа ажиглагдсан байна.
7 дугаар сарын 7-нд Дэлгэрхангай сумын төвөөс хойш 1 км газарт 2-6 см голчтой хонины хорголоос, тахианы өндөгний чинээ мөндөр 1 км орчим зурвас газарт 7 минут үргэлжлэн орсноос байшингийн шил, машины цонх хагарч, айлын гэрийн бүрээс урагдсан хохирол учирсан.
8 дугаар сарын 8-9-ны шилжих шөнө Өндөршил сумаас БӨ зүгт 30 км-т мөндөр орсноос, айлын гэрийн бүрээс урагдаж, бага мал хорогдсон.
Бэлчээрийн ургамaл хаврын сүүлч гэхэд нийт нутгийн дөнгөж 10 хувьд буюу Дэлгэрхангай, Гурвансайхан сумын баруун, хойд тал дунд, бусад нутгаар 90 хувьд муу үнэлгээтэй байсан. 6 дугаар сарын сүүлч гэхэд төдийлөн сайжраагүй аймгийн нийт нутгаар муу байсан бол зуншлагын байдал 7 дугаар сарын 10 байдлаар Сайхан-Овоо суманд буюу 10 орчим хувьд дунд, бусад нутгаар 90 хувьд муу байсан. 20-ны байдлаар нийт нутгийн 5 орчим хувьд хэвийн, 60 орчим хувьд дунд, 35 орчим хувьд муу үнэлгээтэй байв. Харин 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 25 хувьд хэвийн, 60 хувьд дунд, 15 хувьд зуншлага муу үнэлгээтэй байж, 7 дугаар сарын 2, 3 дугаар арав хоногт зуншлага сайжирсан. 8 дугаар сарын сүүлчээр аймгийн нийт нутгийн 75 хувьд хэвийн, 25 хувьд буюу Дэрэн, Луус сумдын баруун зүг, Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Хулд сумын хойд зүг дунд үнэлгээтэй байсан.
Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сард Дэрэн суманд 0,1 ц/га, бусад нутгаар ургац аваагүй, 7 дугаар сард Баянжаргалан сумаас бусад нутагт 0,1 – 3,9 ц/га, 8 дугаар сард зуншлага сайжирснаар 1,0 – 6,8 ц/га ургац авсан.
Энэ зун 6 дугаар сарын 3 дугаар арав хоног хүртэл нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, мөн нийт нутгаар хөрсний гадарга дээр 40 градусыг давж халсан ба зарим үед 60-66 градус халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, бэлчээрийн ургамал гандах нөхцөл бүрдсэн хэдий ч 7 дугаар сарын 10-наас хур тунадас олон жилийн дунджийн орчим болон ахиу орж зуншлага сайжирсан. Энэ жил нийт нутгаар зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамал, таана хөмөл зонхилсон тул га-гийн ургац ахиу гарсан.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.