Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Дундговь аймагт 2017 оны зуны улирлын Цаг агаарын нөхцлийн тойм


Агаарын дундаж температур нийт нутгаар 06 дугаар сард 19,5 - 24,0 градус, 07 дугаар сард 21,2 - 26,1 градус, 08 дугаар сард 16,4 - 21,4 градус дулаан байлаа.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад 06, 07 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 5,7 градусаар дулаан, 08 дугаар сард Өлзийт, Хулд сумдад 1,1 – 1,4 градусаар олон жилийн дунджаас дулаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад олон жилийн дунджаас 1,1 - 1,5 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө 06 дугаар сард нийт нутгаар 35 – 39 градус, 07 дугаар сард 36 – 41 градус, 08 дугаар сард 27 - 32 градус хүрч, агаарт 30 градусыг давж 06 дугаар сард 7 – 12 өдөр, 07 дугаар сард 11 – 23 өдөр, 08 дугаар сард ихэнх нутгаар 1 – 8 өдөр халсан. Зуны хугацаанд нийт нутгаар 19 – 43 өдөр халсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө 06 дугаар сард нийт нутгаар 59 - 67 градус, 07 дугаар сард 60 - 66 градус, 8 дугаар сард 45 - 62 градус хүрч халсан.
Хур тунадас 06 дугаар сард нийт нутгаар 1,2 – 22,5 мм, 07 дугаар сард 26,5 – 64,5 мм, 08 дугаар сард 10,9 - 88,3 мм орсныг олон жилийн дундажтай харьцуулбал 06 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, 07, 08 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу хур тунадас орсон байна.
Салхины хурд 6-8 дугаар сард нийт нутгаар үе үе салхилж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байсан. Түр зуур 12 - 29 м/секунд хүрч, 10 м/секундээс дээш салхи 16 -51 удаа ажиглагдсан байна.
07 дугаар сарын 25-нд Эрдэнэдалай сумын төвд 14 мм голчтой мөндөр 9 минут үргэлжлэн орсноос эрчим хүчний 1 шон, утасны 1 шон унасан, эрчим хүчний 28 шон тулгуур нь хазайсан ард иргэдэд 250 мянган төгрөгний хохирол учирсан.
08 дугаар сарын 09-нд Мандалговийн төвд 21 мм голчтой мөндөр 8 минут үргэлжлэн орсноос Эрүүл мэндийн газрын граш, архив, 2 айлын хашаа усанд автсан, баруун амралтын газрын цонхнууд хагарсан, өвс тэжээлийн агуулахын блокон хашаа нурсан
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 06 дугаар сарын сүүлчээр аймгийн нийт нутгийн 10 орчим хувь нь хэвийн буюу Сайхан-Овоо сумын урд зүгээс бусад нь, Адаацаг сумын баруун, зүүн зүгийн нутгаар, Дэрэн, Баянжаргалан, Луус, Өлзийтийн баруун тал, Өндөршил сумдын нутгаар муу буюу нийт нутгийн 30 хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 60 гаруй хувь нь. 07 дугаар сард Өндөршил, Өлзийт, Хулд, Луус, Сайхан-Овоогийн баруун, зүүн зүг, Цагаандэлгэр сумдад хэвийн буюу нийт нутгийн 40 орчим хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 60 гаруй хувь байна. 08 дугаар сард Цагаандэлгэр, Баянжаргалан, Луус, Өлзийт, Сайхан-Овоогийн баруун зүгээс бусад, Адаацаг сумын баруун зүг, Хулд сумын урд зүгээс бусад сумдад хэвийн буюу нийт нутгийн 60 гаруй хувь нь зуншлагатай, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 40 орчим хувь байна.
Бэлчээрийн ургамлын ургац 06 дугаар сард нийт нутгаар 0,0 – 0,6 ц/га, 07 дугаар сард 0,3 – 2,0 ц/га, 08 дугаар сард зуншлага сайжирснаар 0,5 – 5,0 ц/га ургац авсан.
Энэ зун 06 дугаар сарын сүүлийн 10 хоногт, 07 дугаар сардаа хэт халсан, 06 дугаар сард бага хур тунадастай, 07 дугаар сард болон 08 дугаар сарын эхний, дунд 10 хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим буюу ахиу хур тунадас орсон учир бэлчээрийн ургамлын гарц сайжирсан.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.