Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Малчин Д. Сайнбаяр сумынхаа цаг уурчдад компьютер бэлэглэжээ

Шинэчлэгдсэн: 2019-09-14 19:16:06

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн малчин Д. Сайнбаяр сумынхаа цаг уурын өртөөнд зөөврийн компьютер бэлэглэжээ.

     “Цаг агаарын мэдээг малчин бидний гар утсанд мессэжээр өгч, цас шуурга тохиож болзошгүйг байнга сануулж байдагт цаг уурын өртөөний хамт олонд талархаж байдаг. Тэдэнд компьютер дутагдалтай байдаг гэж дуулаад нотебүүк авсан юм. Ажил нь саадгүй байхыг малчин хүний хувьд хүссэн дээ” гэж малчин Д. Сайнбаяр сэтгэгдэл хуваалцсан юм.

     Дундговь аймгийн 15 сумаас 6 нь цаг уурын өртөөтэй. Тэдгээрийн нэг  нь Цагаандэлгэр сум бөгөөд малчин Д. Сайнбаярын бэлэглэсэн компьютер нүдээ олсон тусламж болсон гэдгийг Цаг уурын өртөөний дарга Д. Сарангэрэл хэлсэн юм. Тэрээр, “Бид цаг агаарын ажиглалтаа цаг минутаар хэмжин тэмдэглэл хөтөлдөг. Түүнийгээ цахим мэдээ болгон байршуулах, малчдынхаа гар утсанд мессэжээр мэдээ илгээх зэрэгт компьютер дутагддаг байсан” гэв.